Southern Mongolia

Үндэстний тусгаар тогтнолоо сэргээн тунхагласны 100-н жилийн баярын мэнд хүргэе!(Өвөр Монголчуудаас)

2011-10-15

Элэг нэгт эрхэм хүндэт Монгол ахан дүүстээ үндэстний тусгаар тогтнолоо сэргээн тунхагласаны 100 н жилийн ойн баярын мэндийг нийт өвөр Монгол ах дүүсийн өмнөөс хүргэж байна.

Бидний Монголчууд!
Мөнх тэнгэрийн хүчин дор, их суу залийн ивээл дор Хүн бол ертөнцийн салшгүй нэгэн эд, эс гэдгээ ухамсарлан ойлгож байгалийн хуулинд захирагдаж явах нь туйлын ҮНЭН хэмээx хосгүй их оюун санаа, үзлийг бий болгосон, аугаа их түүхтэй ард түмэн билээ.

Энэ утгаараа, даян дэлхийн бүхий л ард түмнийг энэхүү шударга, үнэн үзэл санаанд захирагдахыг тулган шаардаж удаа дараа байлдан дагуулж байсан юм.
Тийм ч учраас хорвоо дэлхий Монголгүйгээр оршин тогтнох арга үгүй юм.

Гэтэл хувийн өчүүхэн ашиг сонирхолдоо дийлдсэн улс, үндэстнүүдийн ертөнцийг үзэх, бурангуй санаа, илтэд энэ дэлхийд ноёрхох болж Шударга үнэнийг эрхэмлэх Монгол үндэстнийг хагалан бутаргаж сульдаан сулруулсаар ирсэн.

Хэдий тийм боловч Монгол түмэн, үнэний талд ямагт зогсож, Үндэстний Оршихуйн тэмцэлд нийт Монгол туургатнууд нэгдэж тэмцэж байсан өвгөд дээдсийн түүхэн мөр балраагүй байна.

Үүний нэгэн тод жишээ бол 1911 оны цагаагчин гахай жилийн хувьсгал юм.
Манжийн эрхшээлд 200 гаруй жил байсан Монголчууд газар бүрээс нэгдэн цуглаж, Нэгдсэн их Монгол төр улсаа байгуулах чин хүслээр тэмцэж, Манжийн ноёрхолыг түлхэн унагааж, Монгол үндэстний тусгаар тогтнолыг сэргээн тунхаглаж Олноо өргөгдсөн Богд хаант Монгол улсыг байгуулсан. Улмаар Монголчууд түүхэн газар нутгийнхаа ихэнхийг нь 1913 он хүртэлх багахан хугацаанд нэгтгэж авч байсан билээ.
Түүний нөлөөгөөр 1921 оны ардын хувьсгалын оч дүрэлзэн асч, Монгол туургатнаас Монголын төрд эрдэмтэн мэргэд, идэр баатар эрс зүтгэж Тусгаар улсад байвал зохих бүхнийг өөрсдийн боломжоор дэмжиж бий болгохыг зорьсон юм.
100 жилийн өмнө өрнөсөн цагаагчин гахай жилийн хувьсгалын мөн чанарыг нийт өвөр Монголчууд өндрөөр үнэлж өнөөг хүртэл эрэлхэг баатарлагаар тулалдаж явсан баатруудыг хайрлан дурсдаг юм.
Энэхүү хувьсгалаар Богд хаант Монгол улсын байгуулахад
Хөлөнбуйраас Манлайбаатар Дамдинсүрэн,
Өвөр Монголын Жирэмийн чуулганы өмнөд Горлос хошуунаас Зоригтбаатар Тогтох,
Шинжаан буюу шинэ хязгаар мужийн Ил Тарвагатайгаас Ялгуунбаатар Сумьяа,
Зостын чуулганы Түмэд зүүн гарын Монголжон хошуунаас Шударгабаатар Бавуужав,
Харчин баруун хошуунаас Чин зүтгэлт Хайсан зэрэг, олон зуун баатар эрс шалгаран халуун амиа хайрлахгүй Монголынхоо төлөө оюун ухаан, хүчээ өгч байсан.

Улмаар Өвөр Монголын 49 хошуунаас Монгол улсад дагаар орох хүсэлтээ илэрхийлж байв.
Хэдийгээр цагаагчин гахай жилийн хувьсгалын үр дүн их гүрнүүдийн хавчлага, улс төрийн шахалт дарамт, хуйвалдаан, хүч тэнцвэргүй доромж хэлэлцээний дүнд үгүй болсон ч өвөр Монголчууд боломж бүрд Хятадын хар цэргийн эсрэг тулалдан, бослого гаргаж байсан.

Тэр цагаас хойш өнөөг хүртэл Монголоо гэсэн сэтгэлтэй, ухаантан мэргэд, эрэлхэг эрсээс эхлээд энгийн даруу сая гаруй Өвөр Монголчууд харгис Хятадын колончлолын золиосонд алагдаж, тамлагдаж, тахир дутуу болсон ч бидний Монголоо гэх сэтгэл мохоогүй ээ.

Өнөөдөр ч мөн адил өвөг дээдсийн халуун амиар дэнслэгдсэн Өвөр Монгол нутгаа, Монгол улсын салшгүй нэг хэсэг хэмээн бодож сайн цагийг хүлээж дээлээ тайлахгүй, Монгол соёлоо уусгахгүйг хичээн сууна.
Өнөөдөр Монгол улсын ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн илтгэлд дурдагдсан уриалгуудыг газар бүр суугаа Монгол туургатнууд нүдэндээ нулимстай, сэтгэлтэй галтай баярлаж хүлээн авлаа.
Энэ бол хэдэн зуунаас зуунд дуурсагдах эр зориг, эрхэм алдар, эв нэгдлийн суурь билээ.
Хэзээд өвөр Монголчууд бид нэгэн туган дор жагсаж НЭГДСЭН МОНГОЛ улсын төлөө зүрх, сэтгэл, халуун амиа өгөхөд бэлэн байдаг билээ.

Мөнх тэнгэрийн хүчин дор Монгол үндэстнээ гэсэн чин сэтгэл, чигч ариун бодол, хүсэл мөрөөдөлтэй, хүн ардыг минь ивээн болгооно уу!
Сайн үйлс бүхэн дэлгэрэх болтуухай!

About

POST YOUR COMMENTS

Your email address will not be published. Required fields are marked *